Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Хэнтий аймагт албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох албаны төлөөллүүд Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

АНУ-ын зүгээс өнгөрсөн хугацаанд Хэнтий аймагт Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) болон Энхтайвны корпус зэрэг байгууллагуудаар дамжуулан нийгэм, эдийн засгийн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Уулзалтын үеэр эдгээр ажлууд нь орон нутгийн иргэдийн амьдралд бодит үр дүн авчирч байгаад талархал илэрхийлж, хэрэгжилтийн явцыг танилцуулав.


Хэнтий аймаг нь Монгол Улсын түүхэн аялал жуулчлалын гол бүс нутаг болохын хувьд энэ салбарыг хөгжүүлэх бүтээн байгуулалт, хатуу хучилттай авто замын ажлуудыг эрчимтэй хийж байгааг орон нутгийн удирдлагууд онцоллоо. Мөн эрүүл мэнд, боловсрол, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь аймгийн хөгжлийн тэргүүлэх зорилт болохыг дурдсан юм.


Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг дараах тодорхой чиглэлүүдээр өргөжүүлэхээр тохиролцов:

Эрүүл мэнд: Салбарын техник, технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах.

Хүний хөгжил: Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх.

Эдийн засаг: Сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх.

Элчин сайд Ричард Буанган дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэхүү айлчлал нь Хэнтий аймгийн гадаад харилцааг бэхжүүлж, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг орон нутагт нутагшуулах шинэ боломжийг нээж байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар