Бидний цөөхөн монголчууд бие биенээ өмөлзөн харамлах, өв соёлоо харамлан өмгөөлөх дотно халуун мэдрэмжтэй хэвээр байгаагийн нэгэн илрэл хэдхэн жилийн өмнө өрнөсөн юм. Өнгөн талдаа энэ нь орчин үеийн уран бүтээлчдийн шинэчлэн дуулсан “Хадын оройгоор” (Холо л байна) дууны тойрондох маргаан мэт боловч, гүн рүү нь өнгийвөл үндэстэн ястны түүхэн шарх, язгуур аялгууны дархлааг хамгаалах гэсэн ард түмний зүрхний дуудлага байв.

Уран бүтээлчдийн алдаа, оноог шүүхээс илүүтэйгээр бид яагаад буриад ардын дууны ая, аялгуу, үг бүр дээр ийнхүү өмөлзөх ёстой вэ гэдэг асуултын хариултыг хайх нь чухал юм. Учир нь буриад ардын дуу бол зүгээр нэг аялгуу биш, бидний үнэн түүх, үнэн цаг хугацааг өгүүлдэг “амьд архив” билээ.

ДУУ БИШ, НУЛИМСААР ХЭЛХСЭН ТҮҮХЭН АРХИВ

Буриад бол түүх зузаан, зовлон гашуун, ухаан гүн ястан. Тэдний туулж өнгөрүүлсэн түүхийн нугачаа бүр дуу хууранд нь шингэж үлдсэн байдаг. Олон нийтийн дунд “Хадын оройгоор” хэмээн хэвшсэн, язгуур нэр нь “Холо л байна” хэмээх дууны бодит түүх үүнийг гэрчилнэ.

Буриад аялгаараа олон зуун шүлэг зохиож, түүх намтрын арвин тэмдэглэл бичиж үлдээсэн Цэдэний Дугар (1938–2022) судлаачийн архивын баримтад тэмдэглэснээр тус дуу нь 1937 оны их хэлмэгдүүлэлтээс ч өмнө буюу 1914-1915 онд Дэлхийн нэгдүгээр дайны фронтын ар талд үүсчээ.

Тухайн үед Оросын хааны зарлигаар Буриадын 32,695 эрчүүдийг алс баруун зүгт Беларусийн чиглэлд болон Архангальскийн хүйтэн цэвдэгт дайчлан, окоп нуувч ухуулах, төмөр зам тавих хүнд ажилд нухчиж байв. Энэхүү харийн хүйтэн, байнгын нойтон манантай, чийглэг намгархаг нутагт эх нутаг, элгэн саднаа санан бэтгэрсэн буриад эрс энэхүү дууг зохиожээ. Дууны үгэнд гардаг “харанхуй манан, униар” нь Беларусийн байгалийн бодит зураглал бөгөөд анх 28 бадаг урт дуу байсан аж.

“Холо л байна” дууны язгуур үг:

Хадын оройгоор харахадам

Харанхуй манан соо наран байнаа

Хайртай гансаяа hанахадам

Харалсахын аргагүй холо байна.

Хожим нь их хэлмэгдүүлэлтийн хар шуургаар буриад эрчүүдийг хоморголон баривчилж, отгууд эзгүйрэхэд, ард үлдсэн буриад эмэгтэйчүүд энэхүү дайнд явсан эрсийнхээ дууг сэргээн, уйлан гасалж дуулсаар ирсэн байдаг. Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Г.Батцэрэн, Буриад улсын гавьяат жүжигчин Ц.Мөнхболд нарын дурдсанаар энэ дуу бол буриад түмний хувьд найр наадамд дуулдаггүй, дуулахаас ч эмээдэг, олон хүний сүнс, түүхэн гашуудал шингэсэн “хориотой” бүтээл юм.

САЛБАР АЯЛГУУГАА ГЭЭВЭЛ ХЭЛНИЙ ДАРХЛАА МӨХНӨ

Нүүдэлчдийн соёл, хэлний дархлааны тухай ярихад нэрт хэл шинжлэлийн эрдэмтэн, доктор Г.Гантогтохын хэлсэн маш чухал онол бий. Тэрээр, “Монголын нууц товчоо”-ны олон язгуур үгс, хэллэг өнөөдөр зөвхөн буриад аялгуунд яг хэвээрээ хадгалагдан үлдсэн. Бид салаа салбар аялгуугаа хассаар ганцхан халх аялгуутай үлдвэл монгол хэлний дархлаа мөхнө. Нутгийн аялгуу бүр өөрийн гэсэн өвөрмөц ая эгшиг, хөгтэй байдаг” хэмээн сануулсан байдаг.

Эндээс үзвэл буриад дууны ая дан, үг хэллэгийг анхны хэв шинжээр нь хадгалж үлдэнэ гэдэг бол зөвхөн нэг ястны хэрэг биш, нийт Монгол үндэстний хэл, түүхийн амьд дархлааг хамгаалж буй хэрэг юм.

Яг ийм учраас л, соёлын уусалт, түүхийн марталтаас хамгаалахын тулд Б.Дуламжав, Б.Мөнхжаргал тэргүүтэй хүмүүс 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд анхны галыг нь асааж байсан “Алтаргана” наадам өнөөдөр улам бүр үнэ цэнтэй болж байна. “Алтаргана” бол зүгээр нэг найр наадам, цэнгүүн биш, харин зуун зууны түүхтэй аман архивыг ирэх зуунуудад эвдэлгүй, гуйвуулахгүйгээр үр хойчдоо өвлүүлэх, үндэстний соёлын тусгаар тогтнолоо хамгаалж буй том тэмцэл билээ.

ЗАЛУУ ҮЕДЭЭ ЭЛГЭЭ ТАНИХАД НЬ ТУСЛАХ ДУУ ХУУР

Буриад зон олны дунд төрсөн ч, тэрхүү язгуур ахуй, нүүдэлчин соёл дунд нь өсөж чадаагүйдээ харамсаж суугаа залуус өнөөдөр хотод болон дэлхийн өнцөг булан бүрт бий. Гэвч тэдний цусанд, зүрхэнд, тархинд нь буриад хүний өвөрмөц код хадгалаастай байдаг.

Хойшид ч над шиг, бидэн шиг олон залуус хотын соёл, даяаршлын шуурган дунд төрж, өсөх болно. Тэдэнд нэг л өдөр өөрийн язгуур үндэс, “элгээ танихад” нь хамгийн том гүүр болж, туслах зүйл бол ердөө л энэ буриад дуу, буриад ая аялгуу юм. Дуугаа сонсоод зүрх нь омогшиж, дуугаа сонсоод өвөг дээдсийнхээ туулсан түүхийг нүдэндээ хардаг тэрхүү амьд холбоосыг бид тасалж болохгүй.

Хэрэв бид ардын дууныхаа ая, аялгууг поп хэмнэлд уусгаж, үг хэллэгийг нь дур зоргоороо өөрчлөөд байвал, ирээдүйн залууст элгээ таних, үндэс рүүгээ буцах ямар ч тэмтрэгдэх түүхийн жим үлдэхгүй. Тийм учраас залуу уран бүтээлчид, залуу үеийнхэн соёлын өвд хандахдаа гүн гүнзгий судалгаатай, асар их хүндэтгэлтэй хандах шаардлагатайг энэ цаг үеийн үйл явдал бидэнд санууллаа. Буриад дууны ая данг эвдэлгүй хамгаалж үлдээх нь бидний ирээдүй хойчдоо өгөх хамгийн том өв билээ.

“Алтаргана” наадмын “Алтан цаг” сэтгүүлзүйн нийтлэлийн уралдаанд оролцогч, сэтгүүлч БЭнх-Уянга